"Остеопротегерин уургийн хэвлийн гол судасны цүлхэн үүсэлтээс сэргийлэх нөлөө"
БАТМӨНХИЙН БУМДЭЛГЭР (PhD)
ХИРОШИМА ИХ СУРГУУЛЬ, ТУСЛАХ ПРОФЕССОР
Хураангуй:
Танилцуулга: Хэвлийн гол судасны цүлхэн (ХГСЦ) нь гол судасны диаметр 3см-аас ихсэх өвчин бөгөөд судасны ханын уян хатан чанар алдагдаж, эргэшгүйгээр суларснаас болж үүсдэг. 65-аас дээш насны эрэгтэйчүүдийн 5% орчимд тохиолддог. Гол судасны диаметр 5см-аас ихэссэн үед судас урагдах, улмаар үхэлд хүргэх өндөр эрсдэлийг дагуулдаг. Одоогоор мэс заслын аргаар эмчилдэг боловч энэ нь төгс эмчилгээ биш юм. Тиймээс гол судасны цүлхэний тэлэлтийг хязгаарлах үр дүнтэй эмийг олж илрүүлэх хэрэгцээ байна. Үүний тулд тухайн өвчин үүсэх эмгэг жамыг молекулын түвшинд нарийвчлан мэдэх шаардлагатай. Саяхан ясны бодисын солилцооны гол зохицуулагч гэгддэг. Остеопротегерин (OPG) уураг нь гол судасны шохойжилтын эсрэг мөн судас хатуурлын эсрэг нөлөөтэй болохыг тогтоожээ.
Зорилго: Энэхүү судалгаанд бид тус Остеопротегерин нь хавдар хайлуулагч хүчин зүйл- хамааралт апоптоз өдөөгч лиганд (TRAIL) -ийг дарангуйлах замаар ХГСЦ-ээс урьдчилан сэргийлэхэд оролцоотой байж болзошгүй хэмээн таамаглав.
Аргачлал: Энэхүү таамаглалыг үнэн зөв эсэхийг шалгахын тулд OPG-Knockout (Opg-KO) буюу OPG уургийг кодлогч генийг унтраасан хулганад хэвлийн гол судсыг кальци хлоридоор түлж үрэвсэл үүсгэх замаар ХГСЦ-г үүсгэв. Гол судасны гистологийн ба иммуногистохимийн шинжилгээг хийв. Хулганы гол судаснаас гөлгөр булчингийн эсүүдийг ялган өсгөвөрлөж TRAIL-ийн өдөөсөн дохионд OPG-ийн үзүүлэх нөлөөг судлахад ашиглав. Вестерн блот ба Реал тайм- Полимеразын Гинжин Урвалын аргаар эсийн доторхи мэдээлэл дамжуулагч киназе (JNK)-ийн идэхжил ба эсийн гаднах матрицын металлопротеиназ хэмээх уураг задлагч фермент (MMP9)-ийн идэвхжилийг илрүүлэв. Бойден камерын шинжилгээгээр гөлгөр булчингийн эсийн болон дархлааны том залгигч эсийн нүүдэллэлтэд OPG-ийн үзүүлэх нөлөөг мөн шинжилж үзэв.
Үр дүн: Хэвийн хулганатай харьцуулж үзэхэд Opg-KO хулганад гол судасны дотор нүхний диаметр болон гадна диаметр хоёулаа нэмэгдэж, судасны ханын дундах давхаргын уян ширхэгүүдийн задрал эрчимтэй явагдсан байлаа. Үүнээс дүгнэхэд OPG-г кодлогч генийг унтрааж идэвхгүй болгох нь ХГСЦ үүсэлтийг нэмэгдүүлдэг болохыг харж байна. Хэвийн хулганад кальци хлоридоор сөдөөсний хариуд судасны эд дэх OPG уургийн нийлэгшилт нэмэгдсэн байсан нь үрэвслийн эсрэг судасны өөрийгөө хамгаалах, дасан зохицох хариу урвалтай холбоотой байж болох юм. Түүнчлэн Opg-KO хулганад TRAIL-ийн нийлэгшилт нэмэгдэж гол судасны хананд ихээр илэрчээ. Үүнээс гадна судасны хананд MMP9 ферментийн болон идэвхжсэн JNK-ийн дохио нэмэгдэж, TRAIL-ийн дохиотой байршлын хувьд давхцаж байлаа. Гөлгөр булчингийн эсийн өсгөвөрт JNK-ийн идэвхжил ба MMP9-ийн нийлэгшилт TRAIL-ээр өдөөгдөн нэмэгдэж, OPG-ээр дарангуйлагдаж байв. Trail-ээр сөдөөсөн гөлгөр булчингийн эс болон том залгигч эсийн нүүдэллэлт аль аль нь OPG уургаар дарангуйлагдаж байлаа.
Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад остеопротегерин нь TRAIL-ийг дарангуйлах замаар хэвлийн гол судасны цүлхэн үүсэлтээс сэргийлэх нөлөөтэй байж болохыг илтгэж байна.
Товч танилцуулга:
Ажлын туршлага
2013 – өнөө хүртэл Хирошима их сургууль, Био анагаах ба эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, туслах профессор
2006 – 2009 Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит үндэсний анагаах ухааны хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан
2005 – 2009 Монолаб ХХК, клиники лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан
Боловсрол
2009 – 2013 Хирошима их сургууль, Био анагаах ба эрүүл мэндийн
шинжлэх ухааны сургууль, Зүрх судасны физиологийн тэнхим, PhD зэрэг
2005 – 2007 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, төгсөлтийн дараах сургалт, Клиник лаборатори, Резидент
1998 – 2005 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, хүний их эмч
Судалгааны ажил, бүтээлээс
-
Current status of hematology and immunology in Mongolia, Journal of Science (Abstracts of - presentations for 45th anniversary of the establishment of National Institute of Mongolia named by T. Shagdarsuren, 2006)
-
Induction of Timp1 in smooth muscle cells during development of abdominal aortic aneurysms, Hiroshima Journal of Medical Sciences, 62(3), 63-67, Sep 2013
-
Osteoprotegerin prevents development of abdominal aortic aneurysms, PLOS ONE, 11(1), JAN 19 2016
-
EPA prevents the development of abdominal aortic aneurysms through Gpr-120/Ffar-4, PLOS ONE, 11(10), OCT 20, 2016
The SGLT2 inhibitor luseogliflozin rapidly normalizes aortic mRNA levels of inflammation-related but not lipid-metabolism-related genes and suppresses atherosclerosis in diabetic ApoE KO Mice, International Journal of Molecular Sciences, 18(8), Aug 2017